Урлагийн ертөнцийн “гэмт хэрэгтнүүд”
2014 оны 5 сарын 1
Сүүлийн үед жүжигчин Г.Золзаяагийн танхайн хэрэг араас нь залгуулада хошин урлагийн нэгэн үеийн бүсгүйчүүд болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын боевик тулаан гээд урлагийн ертөнцийнхөн, тэр дундаа охи хүүхнүүд нь хэл ам, хэрүү зарга ихтэй байна. Жирийн нэгэн Дорж, Дулмаа нар өдөр болгон л зодолдож, танхайрч байдаг, харин тэдний тухайд олны танил учраас л тэгтлээ дуулиан шуугиан дэгдээж, олны нүд чихийг орой дээр нь гаргаад байгаа хэрэг.
Урлагийнхан гэхээр ямар баастай бурхан биш, хүн л юм чинь уурлаж гомдож, бухимдаж, зодолдож, үсдэлцэлгүй л яахав. Бүхний мөрөөдөл Холливудад хүртэл гэмт хэргийн хар данс бүртгэлд нэр нь орсон өчнөөн алдартнууд л байна даг. Цуут хар ирвэс Наоми, жүжигчин Линдсэй Лохан гээд хүнд гарууд байна шүү дээ. Байсхийгээд л шүүхээс ял сонсож, "аав"-ынх руу ачигддаг.
Эдэнтэй адил манай урлагийнханд ч гэсэн бүгдэд нь эс юм аа гэхэд олонхид нь цагдаагийн газар, шүүхтэй холбогдсооод авсан, "аав"-ынд зүгээр нэг ороод гарсан дурсамж бий. Адгийн наад зах нь замын хөдөлгөөний дүрэм зөрчихөд л шүгэл тас шүү дээ.
Ийн энэ удаад урлагийн ертөнцийнхөн дотроос хэрэг тарьж байсан, цагдаад бүртгэлтэй, зарим нь бүр онцгой анхааралд нь байдаг хүмүүс хэн хэн болохыг нэгтгэн мэдээлж байна.
Хүний мууд дурласан гэж зарим нэг нь адлах байх. Гэсэн ч урлагийнхныг толь мэт харж, даган дуурайдаг үе үеийнхэнд энэхүү нийтлэл сэрэмжлүүлэг болох юм. Нөгөөтэйгүүр Монголд хууль, цааз гэж байдаг, хэнийг ч алагчлалгүй үйлчилдэг гэдгийг тод жишээ энэ юм.
“Харанга”-ын Лхагваа
Хар тамхины хэрэгт холбогдон шүүхээс ял сонссон түүнийг хоригдоход олон хүний сэтгэл эмзэглэж байлаа.
Хаа очиж тэр их авьяас “аав”-ынд удаан хоригдоогүй. Хоригдож байхдаа ч гандан буурахгүй манай хүн “Тоосго” хамтлаг байгуулан бэрхшээлтэй тэмцсэн билээ.
Чанга дэглэмтэй хорих ангид 10 жилийн ял сонсоно гэдэг үнэхээр чанга хэрэг. Гэвч эцсийн эцэст урлагийн тэнгэр бурхан түүнийг ивээж, ар Монголын алдарт дуучин нарсанд биш, наранд гарч, бидэн дундаа уран бүтээлээ туурвиж яваа нь сайхан хэрэг.
Лхагваагийн хэрэг урлагийн ертөнц, уран бүтээлчид дундаа хамгийн “хүнд”, хамгийн дуулиантай нь гэгддэг.
Дуучин Г.Эрдэнэтунгалаг
Энэ бүсгүйгээс нэг үе амьдрал нүүрээ буруулсан мэт байв.
Авааль нөхрөөсөө салж, ажил төрөл нь ч бүтэмжгүй дэн дун явах үедээ хүн амины хэрэгт холбогдон “хэцүү нэрт”-д цөөнгүй өдрийг үдсэн.
Түрээслэж суудаг байрных нь эзэн “Шинэ монгол” сургуулийн захирал яг Г.Эрдэнэтунгалагийг түрээсийнхээ мөнгийг төлөөд гарсны дараахан хүнд хорлогдсоноос болж дуучин бүсгүйг “хэцүү нэрт”-эд хорьсон.
Юу ч мэдэхгүй, өмссөн хувцастайгаа хоригдсон бүсгүйд тэр өдрүүд хар дарсан зүүд шиг л санагдсан биз. Азаар түүний хөлсөлж явсан таксины жолооч гэрчилснээр тэрээр гэм буруугүй болох нь нотлогдсон билээ. Гэсэн ч салхин доогуур нь ч өнгөрөмгүй газар ороод гарна гэдэг түүн шиг төлөв бүсгүйн хувьд үгээр илэрхийлэх аргагүй хэцүү хэрэг байсан биз ээ.
Жүжигчин Т.Билэгжаргал
“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, жүжигчин Т.Билэгжаргал нар оюутан цагаасаа эхлэн бие биенээ хайрласан үнэнч хосууд.
Хамтын амьдралаа эхлүүлж хөөрхөн хүүхэдтэй болсон хосууд одоо л нэг тайван амьдрах цаг ирлээ гэтэл бас л “сүүдэр”. Бэки танхайн хэрэгт холбогдон шүүгдэгчээр татагдаад байна.
Хүнтэй ам мурийх, гар зөрүүлэх үе эрчүүдийн амьдралд байх л зүйл боловч энэ удаад тэр арай л хэтрүүлсэн бололтой. Ямартаа ч нүд хөмсөг болсон даруухан төрхтэй залуу танхайрсан гэхээр хүмүүс итгэж ядан үйл явц хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглаж байна.
Ц.Алдармаа VS Д.Оюунтуул
Хошин урлагийн залуу үеийн төлөөлөл түүчээ болсон энэ хоёр бүсгүйг танихгүй хүн нэгэнт алга болж. Тэд хоорондоо маргалдаж , нэгнийхээ биед хүнд гэмтэл учруулсан хэргийн шуугиан өнөөдөр ид хүчээ авч байна.
Д.Оюунтуулын цээжин хэсэг ар, өвөргүй түлэгдэж, хэвтэж унтаж ч чадахгүй зогсоо, суугаа байдлаар өдөр хоногийг өнгөрүүлж байна. Ц.Алдармаа өөрөө ч гэмтсэн гэж мэдээлсэн ч одоогоор батлагдаагүй байгаа бөгөөд хэргийг Орхон аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Тэд уг нь хоорондоо найзуудаас дутахгүй харилцаатай байдаг авч урьд нь Ц.Алдармаа согтуудаа Д.Оюунтуулын толгой руу пивоны шилээр цохиж байсан удаатай аж. Тун удахгүй хэргийн үнэн учир нь олдох биз. Ямартаа ч нэг залуу бүсгүй насаараа бие эрхтний гэмтэлтэй үлдэж нөгөө нь ял авч ч мэдэх хүндхэн нөхцөл байдал үүслээ.
Жүжигчин Г.Золзаяа
Хэзээний хөдөлгөөнтэй “Маск” продакшны жүжигчин Золоог элдэв хэл ам сүүдэр мэт дагаж байдаг. Холбогдсон эрчүүдийнх нь талаар л гэхэд нэг үе хэдэн сар дамнасан шуугиан дэгдэж байв.
Мэдээж залуу бүсгүй найз нөхөдтэйгөө наргиж цэнгэх үе гарна. Тэр үедээ бааранд нэгэн бүсгүйтэй муудалцаж гарахад нь араас нь дагаж очин зодолдсон хэргийн дуулиан, учир шалтгаан одоо л тодорхой болох шиг боллоо. Хэдийгээр Золоо тэр зодуулсан бүсгүйтэй мөнгөөр тохиролцох гэж оролдсон боловч татгалзан шүүхэдсээр жүжигчин бүсгүй зургаан сарын тэнсэн харгалзах ял аваад байгаа юм.
Жүжигчин Ж.Сүххуяг
Батмөнх даян хааны дүрээр ард түмний сэтгэлд хоногшсон жүжигчин Ж.Сүххуяг эхнэрийнхээ амийг хөнөөсөн гэж сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байсан.
Гэхдээ талийгаач эхнэрийнх нь дүү өргөмөл охиныг нь асрамжийн газарт өгчихөөд төрсөн охин, хоёр өрөө байрыг нь өөрийн болгож авах гэж түүнийг ор үндэсгүй гүтгэсэн гэдэг нь тогтоогдсон билээ.
Гурван сарын турш хоригдсон түүнд экс тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаагийн эгч Ш.Итгэл өмгөөлөгч үнэ төлбөргүйгээр ажиллаж, 8-15 жилийн ял төлөвлөсөн байсан шүүхийн хатуу цааз, хилс хэргийг түүнээс зайлуулж чадсан.
Хэрвээ үнэний эрэлд явдаг чин шударга хүн Ж.Сүххуягт тусламжийн гараа сунгаагүй бол тухайн үед нөхцөл байдал хаашаа ч эргэж болохоор байсан билээ.
Дуурийн дуучин Ө.Уянга
Хэзээний даруу төлөв, намбалаг тэр тусмаа дуурийн дуучин энэ бүсгүй ямар хэрэгт тарьдаг билээ гэж та гайхаж магад.
Тэгвэл дуучин Ө.Уянга өнгөрсөн жил согтуугаар машин жолоодож яваад эрхээ хасуулсан байна. Гэвч тэр нь багадаж өнгөрсөн жилийн Эх үрсийн баярын өмнө дахин согтуугаар машин жолоодож яваад баригдсан аж.
Ийнхүү давтан хэрэг үйлдсэн түүнд цагдаагийг байгууллагаас “Албадан саатуулах байр” буюу 111-т долоо хонох шийтгэл олгосон байна.
Бие засахаас бусдаар камераасаа ч гардаггүй байсан Ө.Уянга хоол ундаа гаднаас зөөлгөдөг байж. Ямартаа ч энэ явдал түүнд хатуухан сургамж болсон биз ээ.
Дуучин Ч.Ану
Гоо үзэсгэлэнгийн сахиусан тэнгэр имижийг тун чадварлаг бүрдүүлж, хадгалж яваа дуучин Ч.Ану жижиг залилан хийсэн тохиолдол гарч байжээ.
Тэрээр “Ганьт” ХХК-ийн захирлаас “Хүүхдийг чинь клипэнд тоглуулж өгнө” хэмээн 2010 оны хавар 600 мянган төгрөг аваад усанд хаясан чулуу шиг алга болсон гэдэг.
Хүүхдээ телевизээр харж, бас хайртай дуучных нь клипэнд тоглуулах гэсэн ээж нь Ч.Анугийн араас утасдаж, учирлаж үзээд ч бараагүй байна. “Шүүхэд өглөө шүү” гэхэд “Танай хүүхэд муухай ааштай, зургаа ч авахуулж чаддаггүй” гэж элдвээр хэлэн өөрөөсөө зайлуулж дөнгөжээ.
Энэ үеэр түүний менежер ч бас Ч.Анутай хамтран ажиллахаас татгалзсан гэдэг. Хэдий бага хэмжээний мөнгөний асуудал учраас шүүхдээ тулалгүй өнгөрсөн ч тухайн үед хэвлэлээр ихэд шуугиж байсан билээ.
“Ice top” хамтлаг
Хип хопчид хэзээ ч гоонж өмссөн нүдний шилтэй “номын” залуу шиг амьдралаар амьдардаггүй ч хэрэг төвөгт орооцолдоод байдаг нь цөөхөн. Харин “Ice top”-ынхон танхайгаараа харин ч нэг гайхуулна шүү.
Байнга л хэрэг төвөгт орооцолдож хэл ам таталж байдаг “Ice top”-ын гишүүн Бат-Отгон Шведэд хүн амины хэрэгт холбогдон хүний нутагт 10-аад жил ял эдлэх болсон билээ.
DJ Өөжий
Мэдрэмж сайтай гэдгээ харуулж рок, попын олон уран бүтээл дээр нэр нь дурсагдаж байдаг энэ залуу хар тамхины хэрэгт холбогдсон үеэсээ хойш өөд нар харсангүй.
Арайхийж өршөөлөөр хэргээс мултарсан боловч хар тамхи хилээр зөөвөрлөх гэж яваад баригдан яах ч аргагүй байдалд оржээ. Шүүхээс түүнд 11 жил хоригдох ял оноосон. Адгийн зарга 10 хоногтой бол 11 жилийн ялтай хэрэг одоо ч зууралдсан чигээр явдаг байж мэднэ. Ямартай ч тэр сураг алдарсан.
“Камертон”-ы Мээдээ
Тоон дотор үсэг гэдэг шиг даруухан царайтай Мээдээ хүртэл хэрэг төвөгт холбогдсон байх юм. Тэрээр “Доргио” паб-д эмэгтэй хүн зодож танхайрсан хэргээр цагдаа, прокурорт шалгагдсан удаатай.
Оготны хамраас ч цус гаргамгүй гэмээр царайтай “цагаан гарт” Мээдээ хүнд гар хүрэх, хүрэхдээ хавиргыг нь хугалсан гэсэн хэрэгт холбогдсон.
Фэнүүдийг нь багагүй цочролд оруулсан энэ мэдээ олон хүнийг эмзэглүүлсэн.
“Номин талст”-ын Дээгий
Нэг үеийн цуутай хоёр хамтлаг болох “Камертон”, “Номин талст”-д нэг, нэг “хүнд гар” байх ёстой бололтой.
Дуучин Т.Дэлгэрмөрөн тийм уянгалаг хоолой, торгон мэдрэмжтэй атлаа аль “зүрх”-ээрээ танхайраад явдаг юм бол гэж нэг удаа ч болов бодож үзээгүй хүн байхгүй болов уу.
Аялагч Амайтай зодолдож золтой л нүдийг нь сохолчихоогүй Дээгий шазруун эр бололтой шүү. Үе үе сахилгын зөрчил гаргадаг гэсэн тодотголтой Дээгий уран бүтээл, хувь хүн хоёр нь ёстой агуулга хэлбэрийн зөрчил гэмээр юм даа.
Хар тамхичдын “арми”
“Гайз 666”, Дижитал хамтлагийн ахлагч, Хип хоп холбооны тэргүүн Баавар буюу Батбаяр, “Гайз 666”-ийн дуучин Г.Төгсбаяр, Л.Мягмар, Х.Лхагва, У.Бат-Ундрал нар мансууруулах бодис худалдан авч хэрэглэдэг байсныг цагдаагийнхан илрүүлсэн. “A-Cappella” хамтлагийн залуус ч хар тамхи хэрэглэсэн хэрэгт татагдаж байсан удаатай.
Тэднийг машиндаа хар тамхи хэрэглэсэн байх үед нь цагдаа нар баривчилсан аж.
Эднээс хамгийн дуулиан шуугиан дэгдээсэн нь Баавар ба бусаддаа хэргээ тохон өөрөө мултарсан гэж ам дамжин яригддаг.